АВТО ЗАМ ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗАСВАР АРЧЛАЛТЫН АЖЛЫН ҮЕД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛ

 

          Авто замын засвар, арчлалтын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах асуудал нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахтай холбоотой шаардлагыг үйлдвэрлэлийн ажлын үе, ажлыг хүлээн авах үед дагаж мөрдөн, баримтлан ажиллаж байх нь маш чухал юм. Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд байгаль, орчныг хамгаалах шаардлагыг чанд мөрдөн, орчныг бохирдуулах буюу байгалийн элементүүдийг устгах боломжийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчинд өгөх ачааллыг (орчны бохирдол, дуу чимээ, чичиргээ, доргио гэх мэт) багасгах боломжтой засварын ажлын илүү шинэ, боловсронгуй технологи, машин, механизм, материалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байна. Засварын ажлын бүхий л үе шатанд байгаль орчныг хамгаалах шаардлагыг тооцон, үйлдвэрлэлийн ажлын нөлөөгөөр байгальд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, тогтоосон зөвшөөрөгдөх хязгаар нөлөөллийн түвшинг барин ажиллаж байна. Гэнэтийн байгалийн гамшгийн нөлөөгөөр бий болсон нөхцөл байдлыг арилгах шаардлагаар, мөн хүн, зам, замын байгууламжид аюул учруулж болзошгүй нөхцөл байдалд  байгалийн унаган төрхийг ихээхэн хэмжээгээр өөрчилсөн нөхцөл бүрэлдсэн үед байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хязгаарлах үндсэн арга хэмжээг хугацаа үл харгалзан авч, шийдвэрлэн ажилладаг бөгөөд авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын үед тухайлбал хайрган болон сайжруулсан хөрсөн замуудыг хусаж услах ажлууд, замын хөвөө хажуугийн шуудууны хогийн ургамлыг зайлуулах ажлуудын үед байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахтай холбоотой дараах техникийн шаардлагын дагуу баримталан ажиллаж байна.

Үүнд:

-       байнгын, түр хугацаагаар, нэг удаа ашиглахдаа мөрдөгдөж байгаа нормативт нийцүүлэн ашиглаж байгаа талбайн хэмжээг аль болох бууруулах, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ялангуяа тариан талбай, голын татам, голын дагуух ойн зурвасыг аль болох хөндөхгүй, хэвээр үлдээх;

-       авто зам, замын байгууламжийн ажилд ашиглах байгалийн нөөц, ялангуяа зам орчмын газар нутгаас олборлох материал (хөрс, эрдэс материал, ой гэх мэт )-ын хэмжээг багасгах;

-       түр хугацаагаар, эсвэл нэг удаа ашиглахаар нөөцөлсөн үржил шимтэй хөрсийг замын нөөц зурвас, карьер, нөөц газрыг сэргээхэд бүрэн ашиглах;

-       газрын гадаргуу, усан сан, агаар мандал ташрамын бүтээгдэхүүн, засварын ажлын үйлдвэрлэлийн технологийн (тоос, хөдөлгүүрийн ажилласан хий, дэгдэмхий бодис, бусад хийн ууршилт, хатуу хог хаягдал, мөстөлт, хальтаргаа, тоосны эсрэг болон бусад химийн нэгдэл, дуу чимээ, доргилтын эсрэг арга хэмжээ гэх мэт) нөлөөгөөр зөвшөөрөгдөх хэмжээнээс их хувь хэмжээгээр бохирдох нөхцөлийг таслан зогсоох;

-       байгалийн нөхцөл (хөрсний элэгдэл, хуурайшил, намагшил, гулсалт, нуралт гэх мэт), түүнчлэн байгалийн усны ай савны байгалийн ус зүйн болон биологийн горимыг өөрчлөх геодинамик ба гидродинамикийн сөрөг үзэгдэл үүсэх боломжийг хязгаарлах;

-       Үйлдвэрлэлийн ажлын нөлөө(ландшафтыг өөрчлөх, эдэлбэр газрыг хуваах, голын гольдролын хэсэг, булан тохойг дарах, амьтны нэгэнт бий болсон нүүдэл, хөдөлгөөнийг таслах)-гөөр хүн, амьтан, ургамлын оршин тогтнох нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэх, устгаж, үгүй болгохоос сэргийлэх

 

Мэргэжлийн ажилчдыг сургах, мэргэжил дээшлүүлэх үед удирдах албан тушаалтан сургалтын хөтөлбөрт байгаль орчныг хамгаалахтай холбоотой гол гол хууль, нормативын баримт бичиг, үйлдвэрлэлийн ажлын горимыг зөрчсөн тохиолдолд ажилтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэрэг сэдвүүдийг багтаана.

 

Засвар, арчлалтын ажлын үед усны нөөцийг хамгаалах

 

Гадаргуугийн усны урсгалын нөлөөгөөр хөрс, усыг бохирдуулах бодис урсахаас сэргийлж дараах арга хэмжээг авна: ус зайлуулах шугам, сүлжээнд үйлдвэрлэлийн хаягдал орохоос сэргийлэх; барилгын талбай, талбайн орчинд цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах; замын хучлагын засварын ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх; замын хучлагын хэсгийн угаагдлыг хязгаарлах ногоон байгууламжийн бүсийг хашлагаар хүрээлэх; автотээврийн хэрэгслийн ашиглалтын техникийн түвшинг дээшлүүлэх; Усны сав газар, урсгал усны бүтцийн болон шинж чанарын үзүүлэлт үйлдвэрлэлийн ажил буюу авто зам, замын байгууламжийн ашиглалтын үеийн шууд болон дам нөлөөгөөр өөрчлөгдсөн ба ус нь ашиглалтын аль нэг шаардлагыг хангахгүй болсон бол тухайн усны байгууламжийг бохирдсон гэж үзнэ.Усны сав газар нефтийн бүтээгдэхүүн зөвшөөрөгдөх хязгаарын утгаас их хэмжээгээр алдагдсан тохиолдолд түүнийг цаг алдалгүй цаашид тархахаас сэргийлж цэвэрлэнэ.Усны нефтийн бүтээгдэхүүний бохирдлыг механик аргаар цэвэрлэнэ.

Усны сав газрыг бохирдуулсан, усыг бохирдохоос сэргийлсэн арга хэмжээ авалгүйгээр замын байгууламжийг ашиглалтад оруулсан байгууллага, хувь хүн холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны, материалын болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.

 

Ой мод, ургамал, амьтныг хамгаалах

 

Ойн бүс нутгийг дайран өнгөрөх зам, замын байгууламжийн засварын ажлыг зөвшөөрөгдөх зурвасын хүрээнд холбогдох зураг төслийн дагуу, гал түймрийн эсрэг болон эрүүл ахуйн нөхцөлийг нь бууруулахгүйгээр гүйцэтгэнэ.Мод бэлтгэл, хоёрдогч түүхий эдийн бэлтгэл ажлыг зөвхөн холбогдох засаг захиргааны нэгжийн тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Замын засварын ажлын үед зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор тэдгээрийн нүүдэллэх замд шаардлагатай тохиолдолд хашаа, хаалт тавих, чиглүүлэгч хашлага, далан байгуулах.Замын засварын ажил болон ашиглалтын үед мод, бутыг хамгаалах асуудал нь нэгэнт бий болсон экологийн системийг хамгаалах үндсэн асуудал болно. Мод, бутны үндэсний дээгүүрх үржил шимт хөрсийг хуулахыг хориглоно. 

 

Шуудуу, нүх ухах, ухмал боловсруулах үед том модноос 2 м-ээс багагүй зайд хөрс боловсруулалтын ажлыг хийнэ. Мөн шуудуу ба ухмалын налуу хэсэгт модны үндэсний систем таарсан бол тухайн хэсэгт нуралтаас хамгаалсан бэхэлгээ хийнэ.

 Замын дагуух талбайд (зогсоол, ажиглах талбай, амралтын талбай гэх мэт) хучилт хийх үед тухайн талбайд байрлах модыг нь хэвээр үлдээх бол модны их биеийн эргэн тойронд шүүрүүлэх хийцийг байгуулна. Үйлдвэрлэлийн ажил явагдаж байгаа талбайд байгаа модыг хэвээр, бүрэн бүтэн үлдээхийн тулд дараах үйлдлийг хориглоно. Үүнд: тэмдэг, хашилт, шугам сүлжээний утас зэргийг бэхлэх зорилгоор модны их биед хадаас болон бусад хурц үзүүртэй зүйлийг шаах; янз бүрийн зорилгоор модны их бие, мөчир гишүүнд утас, олс уях, бэхлэх; ой модны идэвхтэй ургаж, төлжиж буй хэсэгт нүх ухах, гадас шаах, шон зоохыг хориглох; мод түшүүлэн янз бүрийн барилгын материал, хийцийн эд ангийг хураах, модтой зэрэгцүүлэн барилгын машин, механизм, автомашин байрлуулах. Модны эргэн тойрны 10 м радиус бүхий хэсэгт шатах, тослох материал асгах, хөдөлгүүрийг нь унтраагаагүй машин, механизмыг зогсоох, химийн идэвхт бодисыг(давс, бордоо, химийн идэмхий, хорт бодис) хураах, хадгалахыг хориглоно.

     

Зам, замын байгууламжийн засвар, арчлалтын машин, тоноглолд

тавих шаардлага

 

Авто замын үйлдвэрлэлийн ажлын үед ажлын талбайд зориулалтын машин, механизмаас өөр техник нэвтрүүлэхийг хориглоно. Ажлын талбайд мөн дараах зүйлсийг байрлуулах, хадгалахыг хориглоно. Үүнд:  

               - ашиглагдахгүй түр хугацаагаар зайлуулсан материал

               - засвар үйлчилгээ хийхээр зогсоосон машин, механизм

               - засвар үйлчилгээний зориулалттай эд анги гэх мэт.

 

Зам барилгын үйлдвэрлэлийн ажлын явцад машин механизмаас ялгарах утаа, ажилласан хий, тоос, дуу чимээ, чичиргээ, доргионы үйлчлэлээр хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх, бохирдуулах үйлчлэлийн хэмжээ холбогдох стандарт, нормоор тогтоосон зөвшөөрөгдөх доод хэмжээнээс хэтрээгүй, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагыг хангасан байна. Зам барилгын дизель хөдөлгүүртэй машин, тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн ажилласан хийн нөлөөгөөр агаар мандлын хамгийн бага бохирдлыг тодорхойлох нөхцөл нь хөдөлгүүрийг зөв ашиглах, шатахууны тохиргооны системийг цаг тухайд нь тохируулах явдал юм. Замын машины техникийн үйлчилгээг хийх үед тэжээл, шатаах, хий хуваарилах механизмын системийн хяналтын болон тохиргооны ажилд онцгой анхаарах шаардлагатай. Эдгээр арга хэмжээ нь шатахууны бүрэн шатах нөхцөлийг ханган, шатахуун зарцуулалтыг багасгаж, байгальд хаягдах хорт бодисын хэмжээг эрс багасгана. Замын машин, механизмын дуу чимээний зөвшөөрөгдөх түвшинг зориулалтын дууны хүч хэмжигч багажаар хэмжинэ.

 Зам барилгын машин, механизмын дуу чимээг багасгах зайлшгүй шаардлагатай үед дараах арга хэмжээг авна. Үүнд:

-          Дуу чимээний эсрэг техник, төхөөрөмжийг ашиглах (дуу чимээ ялгаруулалт багатай технологийн ажилбарыг ашиглах гэх мэт);

-          Хамгаалах акустик төхөөрөмжийг ашиглах (тусгаарлах, халхлах, дуу чимээний эх үүсвэрийг битүүмжлэх зориулалтын тоноглол ашиглах гэх мэт);

-          Зохион байгуулалтын арга хэмжээ (ажлын горимын сонголт, ажлын цагийн хязгаарлалт гэх мэт) авах;

-          Зарим төв суурин газрын дэргэдүүр өнгөрч байгаа авто замуудад дуу чимээ бууруулагч тусгай хануудыг байрлуулах.

 Дуу чимээний түвшин нь 85 дБА-ээс дээш байх бүсэд аюултай гэсэн тэмдэг тавьж өгнө. Дуу чимээний энэхүү бүсэд ажиллагсад хувийн дуу чимээнээс хамгаалах хэрэгсэлтэй байх ёстой.

 Байнгын буюу удаан хугацааны турш өндөр дуу чимээний эх үүсвэр болох авто зам, засварын ажлын талбайн орчинд ногоон байгууламжийн зурвасыг бий болгож, хүрээлэн байгаа орчныг хамгаална. Ногоон суулгац буюу ойн зурвасын дуу чимээний түвшинг бууруулах үйлчлэл доорх хүснэгтэд үзүүлсэн хэмжээнд байна.

 

Ногоон суулгацын
төрөл
Дуу чимээний түвшний 1 м суулгац дахь дундаж бууралт, дБ
Нарс 0,15
Гацуур 0,18
өтгөн навчит мод 0,1-0,17
Цаснаас хамгаалах өтгөн навчит суулгац, ногоон хашлага 0,25-0,35

 

 

 

 

 

 

 

 

 

 

Автомашин, трактор болон бусад өөрөө явагч машиныг шатах, тослох материалаар цэнэглэх суурин буюу нүүдлийн станцыг уст цэгээс хол, тусгайлан сонгосон талбайд байрлуулна. Хязгаарлагдмал хөдөлгөөнтэй суурин машин, механизм (экскаватор гэх мэт)-ыг зориулалтын авто шатахуун түгээгчээр цэнэглэнэ. Ямар ч нөхцөлд машиныг шатахуунаар цэнэглэх ажлыг зөвхөн гарах амсрын хэсэгтээ түгжээтэй шланг ашиглан гүйцэтгэнэ. Машиныг шатахуунаар цэнэглэх ажилд задгай хувин, сав ашиглахыг хатуу хориглоно. Объект бүр дээр ажилласан, шинэчлэн сольсон тосыг цуглуулах, хадгалах зориулалтын сав байрлуулна. Ургамал, хөрсөн бүрхүүл буюу уст цэг рүү тос асгахыг хориглоно.

 

Талбайг цэвэрлэх нөхөн сэргээлт хийх

 

          Инженер өөрөөр зааварчлаагүй бол гүйцэтгэгч карьер, нөөц орд, материал нөөцлөх болон хаягдал зайлуулах газруудын болон тэдэнд хүрэх туслах замуудын өнгөн хөрсийг хуулж бусад саадыг арилгана. Өнгөн хөрсийг дангаар  нь хуулаад нөөцлөх үү эсвэл бусад зүйлстэй хамт түүнийг хуулах уу гэдэг зааварчилгааг инженер өгнө. Түүнчлэн инженер өнгөн хөрс болон бусад саадууд нь шаардлага хангахаар бол зам засварын ажилд ашиглаж болох эсэхийг зөвлөнө. Хуулсан өнгөн хөрсийг 1 м-ээс өндөргүйгээр овоолон хураана.  Борооны усыг шингээн барих, гадаргын ус урсахаас хамгаалах зорилгоор өнгөн хөрсийг шатлан овоолно. Гүйцэтгэгч, салхинд өнгөн хөрсийг хийсгэхгүй, ургамалжилтыг сэргээх зорилгоор  овоолгыг тогтмол усална. 

 

Карьер, нөөц орд, материал нөөцлөх болон хаягдал зайлуулах газар тус бүрт ажил дууссаны дараа ашиглагдаагүй үлдсэн өнгөн хөрс болон бусад саадыг буцаан тарааж, тэгшилнэ. Байгаль орчинд нөлөөлсөн нөлөөллүүд нь их хэмжээтэй буюу зайлшгүй нөхөн сэргээлт шаардлагатай байхаар бол орон нутгийн байгаль орчны байцаагчтай зөвлөсөний үндсэн дээр холбогдох хууль, дүрэм журмыг баримтлан нөхөн сэргээлт хийнэ